Цэцэрлэг, сургууль эхлэх үед түгжрэл үүсэхээс сэргийлж авто зам сэтлэх, орц гарц гаргах зөвшөөрлийг 08 сарын 01 хүртэл олгоно

2021-04-15
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926 дугаар захирамжаар баталсан “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ын дагуу нийслэлийн Засаг даргын 2017 оны А/300 дугаар захирамжаар байгуулагдсан Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг нь нийслэлийн нутаг дэвсгэрт авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтэлж, сүвэлж инженерийн шугам сүлжээ, орц гарц гаргах үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийг долоо хоног бүрийн Мягмар гаригт хэлэлцэж, тухайн оны 04 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд зөвшөөрөл олгодог уламжлалтай. 
“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1399 тоот бичиг, ажлын хэсгийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу 8, 9 дүгээр сард Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах, эхлэхтэй холбогдуулан авто замын ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл ихэсдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 01-нээс хойш авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэлээ. 
Гарсан шийдвэрийн талаар Барилгын хөгжлийн төв, Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв, Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдээлэл хүргүүлж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн д, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-т мэдэгдэл хүргүүллээ.






Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба